Өмч хувьчлал

2022-04-06

Улсын өмчийг задалж, хувьд шилжүүлэх нь үнийг чөлөөлөх, банк санхүүгийн тогтолцоог шинэчлэх, нээлттэй, харилцан ашигтай гадаад худалдааг хөгжүүлэх зэрэг хоорондоо харилцан хамааралтай хэд хэдэн өөрчлө�тийг шаардаж байв. Гэвч улсын өмчийг хувьчлах замаар ард иргэдийг өмчтэй болгох талаар мэдлэг туршлага дутмаг, нийгмийн сэтгэл зүй бэлэн биш байсан юм.
 
1990 оны сүүлчээр Д.Бямбасүрэнгийн тэргүүлсэн Засгийн газар өмч хувьчлах ажлын бэлтгэлийг эхлүүлжээ. Төрийн өмчийг хувьчлах үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, төрийн өмчийн хөрөнгөөс эхний ээлжинд хувьд шилжүүлж болох аж ахуйн нэгж, эд хөрөнгийг улс ардын аж ахуйн салбар бүрээр гаргах, нэг хүнд ногдох хувьчлах хөрөнгийн хэмжээг тооцоолох, хувьчлал явуулах ерөнхий загварыг боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэв. Тухайн үед манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжгүй, ард иргэд нь томоохон өмчийг тухайлбал бүхэл бүтэн үйлдвэрийн газрыг худалдан авах бололцоогүй байсан явдлыг харгалзан ажлын хэсэг өмч хувьчлалыг хэрэгжүүлэх арга хэлбэрийг ваучер буюу үйлдвэрийн эд хөрөнгийг иргэдийн хувийн өмчид хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр үнэ төлбөргүй шилжүүлэх аргыг сонгон авсан байна.
 
Өмч хувьчлал явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхийг зорьж, 1990 оны 12 дугаар сарын 6-нд Улсын Бага Хурлаас "Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийг баталж, БНМАУ-ын иргэд газар, үйлдвэрлэлийн хэрэгсэл, оюуны үнэт зүйлсийг өмчлөх эрхтэй байх, тэдгээрийн халдашгүй байдлыг төрөөс хангах явдлыг баталгаажуулсан юм.
 
Эх сурвалж: Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл /2021 он/

: 54

Брокер шалгах