Азийн үнэт цаасны форумын XXIX-дах чуулга уулзалт Япон улсын Токио хотод зохион байгуулагдлаа.

2024-10-29

Япон улсын Токио хотноо 2024 оны 10-р сарын 22-ноос 24-ний хооронд зохион байгуулагдсан тус форумд Asia Securities Industry & Financial Markets Association (ASIFMA), International Capital Market Association (ICMA), International Council of Securities Association (ICSA), International Organization of Securities Commissions (IOSCO) болон Азийн 20 гаруй улсын зочид төлөөлөгчид оролцлоо.
 
Тус форумд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Ц.Содхүү, Удирдах зөвлөлийн гишүүн Э.Золбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, Гишүүд, хамтын ажиллагаа хариуцсан захирал Э.Мөнх-Өргөө нар оролцож Монгол Улсын зах зээлийн тойм, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьж, сурталчлан танилцууллаа.
 
Форум нь Азийн бүс нутгийн зах зээлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилготой бөгөөд энэ жилийн чуулга уулзалт "Ногоон санхүүжилт ба дижитал шилжилт" гэсэн урианы дор болсон юм. Үүний хүрээнд оролцогчид ногоон санхүүжилт болон дижитал шилжилтийн бодлого, стратегийн талаар хамтран хэлэлцэж, ирээдүйн чиг хандлагуудыг тодорхойллоо.
 
Монгол Улс ногоон санхүүжилтийн хүрээнд томоохон алхмуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд "Ногоон ангилал"-ын баталгаа, тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн санхүүгийн системийг хөгжүүлэх ажлууд багтаж байна. Түүнчлэн Монгол Улс дижитал шилжилт, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн хүрээнд блокчейн технологийг ашиглан үнэт цаасны арилжаанд цахим системийг туршиж байгаа талаар Холбооны төлөөлөгчид чуулганы үеэр танилцууллаа.
 
Мөн 2025 онд Азийн үнэт цаасны форумын 30 дахь чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо анх удаа Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зохион байгуулахаар болсныг зарлалаа.
Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн том илрэл бөгөөд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойтой давхцах томоохон ач холбогдолтой үйл явдал болох юм.
 
 
 
 

: 114

Брокер шалгах