БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ШУУД БУС ОРОЛЦОГЧИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ ЗААВАР

2022-07-21

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ШУУД БУС ОРОЛЦОГЧИЙГ БҮРТГЭХ ТУХАЙ ЗААВАР

/Шууд оролцогчоор бүртгүүлсэн Брокерийн эрхтэй гишүүдэд зориулав./

Санхүүгийн зохицуулах хорооны “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д зааснаар:

4.2. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.19-т заасан мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгчдээс гадна дор дурдсан этгээд үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр дамжуулан биржийн бус зах зээлийн арилжаанд оролцоно:

4.2.1. энэ журмын 4.3-т заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэн;

4.2.2. энэ журмын 4.4-т заасан шаардлага хангасан Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд;

4.2.3. гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн, олон улсын банк, санхүүгийн болон хөгжлийн байгууллагууд;

4.2.4. хууль тогтоомжоор хориглоогүй бол Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагууд, Төв банк /Монголбанк/, Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Засгийн газрын тусгай сан, Зээлийн батлан даалтын сан, бүх төрлийн даатгалын сан.

“ББЗЗ-ийн ерөнхий журам”-д зааснаар :

2.1.8.   “Шууд бус оролцогч” гэж ББЗЗ-ийн арилжаанд оролцох хүсэлтэй бөгөөд СЗХ-ны журам болон энэхүү журамд заасны дагуу Брокерт бүртгүүлсэн мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч болон СЗХ-ны журмын шаардлагыг хангасан хувь хүн, хуулийн этгээдийг;       

ББЗЗ-ийн Шууд бус оролцогчид

  1. Брокероор дамжуулж ББЗЗ арилжаанд оролцох мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч /ҮЦЗЗТХ-йин 4.1.19/ гэж:
  2. Тэтгэврийн сан
  3. Банк
  4. Банк бус санхүүгийн байгууллага
  5. Даатгал
  6. Монгол улсын иргэн
  7. Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд
  8. Гадаад улсын харьяалалтай байгууллага болон иргэн
    • гадаадын иргэн,
    • гадаадын хуулийн этгээд,
    • харьяалалгүй хүн,
    • олон улсын банк,
    • олон улсын санхүүгийн байгууллага
    • олон улсын хөгжлийн байгууллагууд
  9. хууль тогтоомжоор хориглоогүй бол
    • Монгол Улсын Засгийн газар,
    • Монгол Улсын Засгийн газрын харьяа байгууллагууд,
    • Төв банк /Монголбанк/,
    • Монгол Улсын Хөгжлийн банк,
    • Хадгаламжийн даатгалын корпораци,
    • Засгийн газрын тусгай сан,
    • Зээлийн батлан даалтын сан,
    • бүх төрлийн даатгалын сан.

Шууд бус оролцогч нь биржийн бус зах зээлийн арилжаанд шууд оролцогчоор бүртгүүлсэн брокероор дамжуулан оролцох бөгөөд дараах бичиг баримтыг брокерт хүргэнэ.

Брокер нь “ББЗЗ-ийн ерөнхий журам”-ын 4.16-т заасны дагуу “шууд бус оролцогчийн бүртгэлд бүртгүүлэ�” хүсэлт гаргагчаас шаардлагатай тодруулга мэдээлэл авч болох бөгөөд 4.17-т зааснаар холбогдох бичиг баримтыг бүрэн ирүүлснээс ажлын 2 өдрийн дотор бүртгэх эсэх шийдвэрээ гаргана.

Монгол улсын иргэнд тавигдах шаардлага:

  1. Тухайн иргэний сүүлийн нэг жилийн сарын дундаж орлого нь 10 сая төгрөгтэй тэнцүү болон түүнээс дээш хэмжээтэй, эсхүл 500 сая төгрөгөөс дээш хэмжээний цэвэр хөрөнгө /харилцах, хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгө, үнэт цаасны нийлбэр дүнгээс өр төлбөрийг хасах/-тэй байх;
  2. Сүүлийн 1 жилийн турш дотоодын болон гадаадын зах зээл дээр үнэт цаасны арилжаанд оролцсон туршлагатай байх.

Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

  1. Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 2.5 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
  2. Өөрийн хөрөнгийн хэмжээ 1 тэрбум төгрөгөөс доошгүй байх.

ББЗЗ-ийн арилжаанд оролцох иргэн, хуулийн этгээд нь СЗХ-ны журмын шаардлага хангаж байгаа эсэх талаарх нотлох баримтаа өөрийн брокерт гаргах бөгөөд Холбооны “Биржийн бус зах зээлийг ерөнхий журам”-ын 4.15-т заасны дагуу шууд бус оролцогчдоос дараах бичиг баримтыг авна.

  1. Шууд бус оролцогчийн шаардлагыг хангаж байгаа ба бүртгүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн албан хүсэлт;
  2. Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн мэдэгдэл (№1001);
  3. CЗХ-ны Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмын 4.3, 4.4-т заасан шаардлагыг хангаж байгааг нотолсон баримт бичиг;
  4. Гадаадын хуулийн этгээд бол харььяалах улсын хуулийн дагуу олгосон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  5. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар;
  6. Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагууд, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци, Засгийн газрын тусгай сан, Зээлийн батлан даалтын сан, бүх төрлийн даатгалын сан нь ББЗЗ-ийн арилжаанд оролцохыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор хориглоогүй тухай албан бичиг.

Брокер нь дараах хяналтыг тавьж, мэдээлэл ирүүлэх үүрэгтэй.

 /Холбооны “Биржийн бус зах зээлийн ерөнхий журам”-ын 4.19 зүйл/

  1. Брокер нь өөрийн харилцагч шууд бус оролцог�ийг бүртгэх болон түүний захиалгыг биелүүлэх явцдаа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд харилцагчийг танин мэдэх /KYC/-тэй холбоотой  хууль тогтоомжийн шаардлагыг хангах, шууд бус оролцогчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
  2. Шууд бус оролцогч нь энэ журамд заасан ББЗЗ-ийн арилжаанд оролцоход тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд брокер нь тогтмол хяналт тавина.
  3. Шууд бус оролцогчдын бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд энэ журамд заасан шаардлагыг цаашид хангахгүй болсон, харилцагчийг таних ажиллагаанд шаардлагатай мэдээллийг ирүүлээгүй бол брокер нь түүнийг  бүртгэлээс хасна.
  4. Шууд бус оролцогч энэ журмын 4.19.3-т зааснаар бүртгэлээс хасагдсан нь тэрээр өөрийн эзэмшиж буй үнэт цаасаа биржийн бус зах зээлд худалдах эрхийг хязгаарлахгүй.
  5. Брокер нь дараа сарын 5-ны дотор тухайн компанид бүртгэлтэй нийт шууд бус оролцогчийн тоо, ББЗЗ-ийн арилжаанд оролцсон шууд бус оролцогчийн тоог Маягт №1002-ын дагуу гаргаж, цахим шуудангаар, эсхүл арилжааны системээр дамжуулан Холбоонд мэдээлнэ.
  6. Брокер нь хяналт, шалгалтын хүрээнд СЗХ, болон Хяналтын нэгжийн шаардсаны дагуу өөрийн харилцагчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

: 676

Брокер шалгах