Санхүүгийн төлөвлөлт ба менежмент
2022-03-14

Компанийн санхүүгийн менежерүүдийн хамтаар санхүү хариуцсан удирдах албан тушаалтан нь санхүүгийн төлөвлөгөө, төсөв зохиох, зардлын тооцоо, нягтлан бодох бүртгэл болон татвар гэх мэт санхүүгийн талын асуудлыг удирдах, хянах бүрэн эрх, үүрэгтэй байдаг.
Бизнесийн өөр өөр шинж чанартай маш олон компаниуд санхүүжилтийн олон төрлийн хэрэгцээтэй байдаг учир компанийн санхүүжилтэд амар хялбар шийдэл, аргачлал гэж байдаггүй. Гэвч нийтлэг нэг зүйл нь компанийн санхүү хариуцсан удирдах албан тушаалтан болон санхүүгийн менежерүүд нь тухайн бизнесийг эрхэлснээр орж ирж буй мөнгөн урсгалыг үйл ажиллагааны зардлаас илүү байлгах, нэмэгдүүлэх замаар цаашдын санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн өсөлтийг бүрдүүлэх арга замуудыг эрэлхийлж байдаг. Хэрэв зардлаа нөхөж чадахгүй бол тухайн компани өртэй болох бөгөөд мөнгөн урсгалын богино хугацааны хомстолыг санхүүжүүлэх санхүүгийн төлөвлөгөө гаргах шаардлагатай болдог.
Санхүүгийн менежерүүдийн өдөр тутамдаа анхаарал хандуулах өөр нэгэн чухал асуудал нь санхүүжилтийн бүтэц буюу хөрөнгийн эх үүсвэрийн бүтэц юм. Тэд компанийн мөнгөн урсгалын хэдэн хувийг банкны зээлээр бүрдүүлэх, санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох хэрэгтэй эсэх мөн өрийн санхүүжилт болон өөрийн хөрөнгийн харьцаа хэд байх вэ зэрэг асуултуудыг үргэлж бодолцдог.
Үүнээс гадна компанийн эргэлтийн хөрөнгө болох бэлэн мөнгө, түүхий эд материал зэрэг богино хугацааны хөрөнгө, нийлүүлэгчид бизнесийн түншүүдэд төлөх богино хугацаат өр төлбөр зэрэг нь санхүүгийн менежерүүдийн анхаарах бас нэгэн асуудал юм. Энэхүү үйл ажиллагаанд компанийн төлж буй зардлыг хянаж, мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг зардлын баримт, нэхэмжлэлийн дагуу төлөх зэрэг ажлууд багтдаг. Мөн гэнэтийн осол эндэгдэл гарах гэх зэрэг гэнэтийн мөнгөн хөрөнгийн хэрэгцээт үйл явдалд санхүүгийн менежер бэлэн мөнгөөр эсхүл мөнгөн гүйлгээ, зээл, үнэт цаасны арилжаа зэргээр төлөхөд бэлэн байх хэрэгтэй.
Эх сурвалж: Хөрөнгийн зах зээлийн сурах бичиг /2018 он/