Хөрөнгийн бирж байгуулагдав
2022-05-12
.jpg&w=1080&q=100)
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих түүхэн цаг үед Засгийн газрын хувьчлалын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар Н.Золжаргалыг томилжээ.
Хөрөнгийн биржийн арилжааг зохион байгуулахдаа 1991-1992 онд аймаг, хотуудад нийт 29 брокерын пүүс байгуулж, тэдгээрээр дамжуулан иргэн бүрт олгосон хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг баталгаажуулан төвлөрсөн хадгаламжид байршуулах, хувьчлагдах компаниудын хувьцааг эзэмших захиалгыг авч анхдагч зах зээлийн арилжааг явуулсан юм.
Юуны өмнө хөрөнгийн бирж нь зах зээлийн мэдлэг, чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд онцгойлон анхаарч, 1991 оны зургадугаар сарын 20-ноос брокерийн пүүсүүдэд ажиллах мэргэжилтнийг бэлтгэх хоёр сарын дамжаа эхлүүлж, эхний ээлжинд 269 брокер, дилерийг бэлтгэн гаргажээ. Ингээд 1992 оны хоёрдугаар сарын 7-нд анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлсэн бөгөөд 1992-1995 онд Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд биржийн 193 удаагийн арилжаагаар 475 хувьцаат компанийн 195.8 сая ширхэг хувьцааг арилжиж, Монголын 1,2 сая гаруй иргэн хувьцаа эзэмшигч болжээ.
Эх сурвалж: Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл /2021 он/