Өмч хувьчлах арга
2022-04-06
.jpg&w=1080&q=100)
1991 оны хавар Засгийн газраас өмч хувьчлах бэлтгэл ажлын хүрээнд БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хууль, үзэл баримтлал, хөтөлбөрийн төслийг боловсруулж, өмч хувьчлалтай холбогдсон хэд хэдэн тогтоол гаргаж, мөрдүүлжээ. Тухайлбал, сангийн аж ахуйг татан буулгаж, түүний үйлдвэрлэлийн баазад түшиглэн бие даасан фермерийн аж ахуйнууд, үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоод, тэдгээрт зуучлах үүрэг бүхий пүүс байгуулах тухай Баянцогтын сангийн аж ахуйн саналыг дэмжиж, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссоос 1991 оны гуравдугаар сарын 19-нд анхны тогтоолоо гаргажээ.
Дөрөвдүгээр сард Засгийн газраас худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний зарим цэг салбарыг дуудлага худалдаагаар БНМАУ-ын иргэд болон хувийн пүүс, компани, хоршоонд худалдах ажлыг туршилтын журмаар эхлэхийг аймаг, хотын Ардын Хурлын Гүйцэтгэх захиргаанд зөвшөөрч, дуудлага худалдаа явуулах түр журам, цэг салбарыг үнэлэх түр журам гаргажээ. Улмаар Засгийн газраас "Албан татварын хууль" "Гаалийн хууль", "Банкны хууль", "Аж ахуйн нэгжийн хууль", "Аж ахуйн нэгжийн дампуурлын тухай хууль"-ийг боловсруулж, хууль тогтоох байгууллага хэлэлцэн баталснаар эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх эрх зүйн орчин бүрдэв. Мөн оны зургаа, долдугаар сард "Өмч хувьчлах тухай" хуулийг дагаж, мөрдөх журмын тухай Бага Хурал, Засгийн газрын тогтоол батлагдан гарав.
1991 оны тавдугаар сард "Өмч хувьчлах тухай хууль" хүчин төгөлдөр болсноор БНМАУ-д төрийн өмчийг хувьчлах үйл явц эхлэв. Тус хуулиар өмч хувьчлалын зарчим, хувьчлалд хамрагдах өмчлөх зүйлс, хувьчлал явуулах арга хэлбэр, хэрэгжүүлэх ажлын удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлсон байна.
Эх сурвалж: Хүртээмжтэй хөрөнгийн зах зээл /2021 он/