"Grand Bull Awards 2023"-н эзэд тодорлоо

2023-12-05

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч, үнэт цаас гаргагчдын шилдгийг шалгаруулах салбарын дээд шагнал гардуулах ёслол болох “Grand Bull Awards 2023” арга хэмжээг 12 дугаар сарын 01-ны өдөр амжилттай зохион байгууллаа. “Grand Bull Awards” арга хэмжээний 15 номинацид 70 гаруй байгууллагын давхардсан тоогоор 94 нэр дэвшигчийн материал ирүүлсэн бөгөөд эдийн засгийн сэтгүүлчдийн төлөөллөөс бүрдсэн үнэлгээний баг 15 номинацийн эцсийн шатанд 60 нэр дэвшигчийг шалгаруулсан билээ. Үнэлгээний зарчмын дагуу эцсийн шатны нэр дэвшигчдэд Холбооны гишүүн байгууллагууд болон зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн гишүүд үнэлгээ өгч эцсийн шатны нэр дэвшигчдээс шилдгийн шилдэг гранд буллын эздийг тайзнаа тодрууллаа. Ингээд номинаци тус бүрийн шагналын эзэдтэй танилцана уу. 

 

"Grand Bull Awards"-ын "Онцлох шинэ бүтээгдэхүүн" номинацийн ялагчаар "ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛТЭЙ БОНД" шалгарлаа. Анхны дотоодын зээлжих зэрэглэлийн компаниар рейтинг тогтоолгосон. Анхны дотоодын бонд юм. Компанийн үнэлгээ нэмэх BBB+ бөгөөд нийт 35 тэрбумыг татан төвлөрүүлж чаджээ.
 
 
"Grand Bull Awards"-ын "Онцлох санхүүгийн салбарын үнэт цаас гаргагч" номинацийн ялагчаар "МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК" ХХК шалгарлаа. Монголын ипотекийн корпораци нь 2009 оноос хойш гадаадын болон дотоодын зохицуулалттай зах зээл дээр үнэт цаасаа амжилттай гаргаж ирсэн. Тухайлбал цар тахлын үед 250 сая долларын бөртэ бонд, 300 сая долларын өүлэн бонд, Биржийн бус зах зээл дээр 12 сая долларын бондуудыг тус тус гаргасан.
 
 
"Grand Bull Awards"-ын "Шилдэг засаглалтай компани" номинацийн ялагчаар "ХААН БАНК" ХК шалгарлаа. Хаан банк нь Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилго, НҮБ-ын даян дэлхийн гэрээний 10 зарчим, Монголын тогтвортой санхүүжилтийн 8 зарчимд тулгуурлан дотооддоо дагаж мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлогоо 2020 оноос батлан хэрэгжүүлж эхэлсэн байна.
 
 
"Grand Bull Awards"-ын "Онцлох IPO" номинацийн ялагчаар "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК шалгарлаа. Монголын хөрөнгийн бирж нь олон нийтэд хувьцаагаа санал болгосон төрийн өмчит компани бөгөөд хөрөнгийн зах зээлийн анхны дэд бүтцийн байгууллага билээ. Мөн Монголын хөрөнгийн бирж нь энэ онд үнэт цааснаас гадна уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг амжилттай зохион байгуулж эхэлсэн бөгөөд арилжааны дүнгээр шинэ амжилтуудыг тогтоосоор байна.
 
 
"Grand Bull Awards"-ын "Шилдэг нээлттэй хувьцаат компани" номинацийн ялагчаар "АПУ" ХК шалгарлаа. АПУ компани нь 2019-2022 онд монголын хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани байсан бөгөөд жил бүр ноогдол ашиг хуваарилалтаараа тэргүүлэгч компани юм. Мөн нийгмийн хариуцлага сайн засаглал, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэгч монголын үйлдвэрүүдийг нэг билээ.
 
 
"Grand Bull Awards"-ын "Онцлох үйл явдал" номинацийн ялагчаар БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ шалгарлаа. Биржийн бус зах зээл 2021 оны 9-р сард эхэлснээс өнөөдрийг хүртэл 90 компанийн, 2,3 гаруй тэрбум үнийн дүн бүхий 137 өрийн хэрэгсэл бүртгэгдэж, 1,6 гаруй тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.
 
 
"Grand Bull Awards"-ын "Онцлох үйл явдал" номинацийн ялагчаар БАНКНЫ РЕФОРМ шалгарлаа. Олон мянган хадгаламж эзэмшигч, харилцагч, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор төрөөс банкны реформыг хэрэгжүүлэх шийдвэр гарч 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ.
 
 
 
"Grand Bull Awards"-ын "Онцлох арга хэмжээ" номинацийн ялагчаар НОГООН СУМ төсөл шалгарлаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс санаачилсан Ногоон сум төсөл нь орон даяар олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, хөрөнгийн зах зээлийн талаар цогц ойлголт өгсөн томоохон төсөл юм.
 
 
"Grand Bull Awards"-ын "Холбооны онцлох захирал" номинацийн ялагчаар "Голомт капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.ГАН-ЭРДЭНЭ шалгарлаа. Голомт капитал компанийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ нь 2021 оноос компаниа удирдахдаа хүний нөөцийн хөгжил, харилцагчдын тоо, идэвх нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, компанийн ашигт ажиллагааг эрс нэмэгдүүлж чадсан шинэ үеийн шилдэг удирдагч юм.

"Grand Bull Awards"-ын "Холбооны онцлох нөлөө бүхий хүн" номинацийн ялагчаар "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.ӨЛЗИЙБАЯР шалгарлаа. Б.Өлзийбаяр захирал нь Холбооны Удирдах зөвлөлийн даргаар 7 жил ажиллаж, үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, өөрийгөө зохицуулах байгууллагын зөвшөөрөл авах, татварын орчны шинэчлэл, ногоон сум, Биржийн бус зах зээл гээд томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсан манлайлагч юм.
 
 
"Grand Bull Awards"-ын "Холбооноос онцлох хүндэтгэлийн шагнал"-ыг Холбооны дэргэдэх АХМАДЫН ЗӨВЛӨЛ-д гардууллаа. Холбооны дэргэдэх Ахмадын зөвлөл нь 2023 онд 30 гаруй гишүүнтэйгээр байгуулагдсан. Ахмадын зөвлөл нь зах зээлийн өнгөрсөн 30 жилийн түүхэн ном гаргахаар ажиллаж байгаа билээ.
 
 
"Grand Bull Awards"-ын "Холбооны онцлох дэд бүтцийн байгууллага" номинацийн ялагчаар "ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН ТӨВ" ХХК шалгарлаа. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь үнэт цаасны компаниуд болон тэдгээрийн харилцагчдын зардал, цаг хугацааг хэмнэсэн, цахим үйлчилгээнүүдийг нэвтрүүлж чадсан юм.
 
 
"Grand Bull Awards"-ын "Биржийн бус зах зээлийн онцлох бүтээгдэхүүн" номинацийн ялагчаар MIK BOND шалгарлаа. Монголын ипотекийн корпораци нь анхны өрийн хэрэгсэл гаргасан компаниудын нэг бөгөөд уг бондыг гадаадын хөрөнгө оруулагчдад амжилттай борлуулсан ам долларын бонд юм. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн нийгэм эдийн засгийн чухал асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.
 
 
"Grand Bull Awards"-ын "Биржийн бус зах зээлийн шилдэг үнэт цаас гаргагч" номинацийн ялагчаар "ХАН АЛТАЙ РЕСУРС" ХХК шалгарлаа. Хан алтай ресурс нь биржийн бус зах зээл дээр 39 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бөгөөд “Голомт капитал ҮЦК” , “Ард секюритиз ҮЦК”, “Инвескор Капитал ҮЦК” нартай хамтран ажиллаж байна.
 
 
"Grand Bull Awards"-ын "Шилдэг брокер, дилерийн компани" номинацийн ялагчаар "ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК" ХХК шалгарлаа. Голомт капитал үнэт цаасны компани нь өнгөрөгч 2 жилд нийт 1 их наяд гаруй дотоодын арилжаа, 2 их наяд гаруй төгрөгийн гадаад арилжаа хийсэн байна.
 
 
"Grand Bull Awards"-ын "Шилдэг андеррайтерийн компани" номинацийн ялагчаар "БИДИСЕК ҮЦК" ХК шалгарлаа. БиДиСек үнэт цаасны компани нь эрдэнэ ресурс, хаан банк, бодь даатгал, эрдэнэс таван толгой зэрэг дотоод, гадаадын том төсөл хэрэгжүүлэгч нарын үнэт цаасыг амжилттай гаргаад байна.
 
 
"Grand Bull Awards"-ын "Шилдэг үнэт цаасны компани" номинацийн ялагчаар "ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК" ХХК шалгарлаа. Голомт капитал үнэт цаасны компани нь хамгийн олон төрлөөр тусгай зөвшөөрөл эзэмшиж, төрөл тус бүр дээр салбараа тэргүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн салбар тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж чадсан юм.
 
Таван жилд нэг удаа зохион байгуулдаг "Grand Bull Awards" нь хөрөнгийн зах зээл дэх сүр жавхлан, ач холбогдлыг харууллаа. 70 гаруй байгууллагын 94 нэр дэвшигчид 15 номинацид өрсөлдөн 400 гаруй хүндэт зочдын өмнө шилдгүүд тодорлоо. Энэ гайхалтай арга хэмжээг амжилттай зохион байгуулахад тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан компаниуддаа гүнээ талархаж байна. Бидэнд итгэж дэмжлэг үзүүлж, хамтран ажилсан байгууллагуудынхаа итгэлийг алдахгүй, цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно.  
 
 
 
 
 

: 814

Брокер шалгах