Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн анхны арилжаа зохион байгуулагдсан "Дилерүүдийн өдөр"-ийг тохиолдуулан "Цан цохих" ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.

2024-02-07

Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн анхны арилжаа зохион байгуулагдсан өдөр буюу "Дилерүүдийн өдөр"-ийг тохиолдуулан Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Монголын хөрөнгийн бирж болон Холбооны дэргэдэх "Ахмадын зөвлөл"-ийн гишүүд МХБ-ийн 7149 дахь арилжааг нээж цан цохилоо.

 

МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Засгийн газрын 22 тоот тогтоолоор 1991 онд улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, vнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор МХБ-ийг үүсгэн байгуулсан. Өнгөрөгч 30 гаруй жил Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн үйл явц өрнөхөд өөр өөрсдийн эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээр үнэ цэнийг бүтээсэн та бүхэнд энэ өдөр онцгойлон талархал илэрхийлж, баяр хүргэе” гэв.

 

Холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал: “Тэртээ 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсад үнэт цаасны арилжаа гэдэг шинэ үйлчилгээ нэвтэрч, энэ танхимд бүх зүйл шинээр эхэлж байсан. Энэхүү зах зээлийн шинэ салбарын үүслийг тавьсан шинэхэн мэргэжилтнүүд өнөөдөр 30 гаруй жилийн тэртээх өдрүүдийг дурсаж байна. Өнөөдөр бол Үнэт цаасны зах зээлийн анхны арилжаа эхэлсэн онцгой өдөр. Үе үеийн дилерүүддээ баяр хүргэж, амжилт хүсье” хэмээн хэллээ.

 

Ахмадын зөвлөлийн тэргүүлэгч Б.Баатархуяг МХБ-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэхдээ: “1991 онд Үнэт цаасны брокерын пүүсийн 3 сарын дамжаанд суралцаж нийслэл, аймаг, орон нутагт брокерын пүүс байгуулан, үнэт цаасны зах зээлийн тулганы чулууг тавилцсан хамт олондоо арилжаа эхэлсний 33 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэж бичиж, сэтгэгдлээ хуваалцсан юм. Мөн XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарыг угтан хөрөнгийн зах зээлийн 40 гаруй ахмад мэргэжилтнүүдэд Холбооны зүгээс гарын бэлэг гардууллаа.

 

 

: 154

Брокер шалгах