Бүгд Найрамдах Энэтхэг улсын Мумбай хотод Азийн үнэт цаасны форумын 28 дахь чуулга уулзалт 2023 оны 10-р сарын 29-с 11-р сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулагдаж 17 улсын 50 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Чуулга уулзалтад Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал, Гишүүд, хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Мөнх-Өргөө нар оролцож Монгол Улсын зах зээлийн тойм, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал хөрөнгө оруулалтын хэтийн төлөв болон эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй илтгэл тавьж сурталчлан танилцууллаа.
JSDA-н Удирдах Зөвлөлийн дарга, Азийн үнэт цаасны форумын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Тошио Морита нь ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээн авч арга хэмжээнд өөрийн улс орноо төлөөлж идэвхтэй оролцож байгааг сайшаан талархал илэрхийллээ. Холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал ноён Тошио Моритатай биечлэн уулзаж улс орноо сурталчлан танилцуулах боломж олгосонд талархал илэрхийллээ. Өнгөрсөн удаа Холбооноос Япон улсад зохион байгуулсан “Road show” болон тус чуулга уулзалтад оролцож байгаа явдал нь хоёр орны хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагааны хөгжилд бас нэгэн алхам болсон төдийгүй JSDA болон MASD хоёр холбооны хооронд байгуулсан хамтран ажиллах баримт бичигт чухал ач холбогдол өгч цаашдын хамтын ажиллагаагаа бататган өргөжүүлэх нэгэн том жишээ боллоо.
Чуулга уулзалтад Холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал “Хөрөнгийн зах зээл дэх технологийн дэвшил болон дижитал шилжилт сэдвийн хүрээнд панелаар оролцож олон улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч мөн зохицуулагч байгууллагуудын технологийн шилжилтийн талаар дэлгэрэнгүй ярилцаж ирээдүйн чиг хандлагыг хэлэлцлээ.
Холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал тус хэлэлцүүлэгт оролцохдоо өнөөдрийн байдлаар Монгол Улсын Биржийн бус зах зээл нь технологийн шилжилт хийж Санхүүгийн зохицуулах хорооны сэндбоксын хүрээнд блокчейн дээр суурилсан зах зээлийг хөгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Мөн тэрээр Монголын хөрөнгийн зах зээл энэхүү шинэ технологийг чадварлаг ашиглаж чадвал харьцангуй хөгжилтэй бусад улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд хөл нийлүүлэх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.
