Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь Санхүүгийн зохицуулах хороо болон Санхүүгийн боловсролын HUB байгууллагуудтай хамтран үнэт цаасны салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ФАТФ-ын зөвлөмж, стандартыг үр дүнтэй биелүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор “Комплаенсын эрсдэлийг удирдахуй” нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 11 сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны төлөөллүүд болон үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн компаниуд, хөрөнгө оруулалт менежментийн компани, сангуудын 80 гаруй төлөөлөл оролцож “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан зохицуулалтын болон хяналт шалгалтын тогтолцоог боловсруулах, хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал”, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний бодлого, стратеги, эрсдэлийн үнэлгээ”, “СЗХ-ны зохицуулалттай үнэт цаасны салбарын хууль эрх зүйн орчин, цаашид хийгдэх арга хэмжээ” гэсэн үндсэн илтгэлүүдтэй танилцлаа.
Оролцогчид үнэт цаасны зах зээл дэх комплаенсын эрсдэлийг хэрхэн тодорхойлох, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа ба комплаенсын эрсдэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн харилцагчийг таньж мэдэх ажиллагаа ба мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан зохицуулалтын болон хяналт шалгалтын тогтолцоог хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, үнэт цаасны салбарын хууль эрхзүйн орчин, цаашид хийх арга хэмжээний талаар мэдээлэл авч санал солилцлоо.
Холбоо нь тус хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэн, салбарын тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байна. Санхүүгийн зах зээлд оролцогчид болон иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх асуудал чухал байгаа энэ цаг үед тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан "Санхүүгийн зохицуулах хороо", "Санхүүгийн боловсролын HUB" байгууллагууддаа талархал илэрхийлж байна. Мөн Холбооны дэргэдэх комплаенсын зөвлөлөөс гишүүн байгууллагууддаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэсэнд талархал илэрхийлье.
