Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо нь дүрэмд заасан чиг үүргийнхээ хүрээнд гишүүдийн үйл ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангах зорилгоор "Capital Markets Mongolia"-тай хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн судалгааг дэмжих, судалгааны грант хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гурван талт гэрээ байгууллаа. Хөтөлбөрийн үр дүнд шинжээч Д.Болортуяа, шинжээч Р.Дарханбаяр нар сонгогдож, судалгааны ажлыг хариуцан гүйцэтгэхээр боллоо.
Шинжээч Д.Болортуяа нь "Хувийн тэтгэврийн санг Монгол Улсад нэвтрүүлэх нь" сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэх бөгөөд уг судалгаа нь Монгол Улсад хувийн тэтгэврийн сангийн онцлог, боломжит үр нөлөө, олон улсын туршлагыг дүгнэн гаргахад чиглэгдсэн. Энэ нь Монголын санхүүгийн зах зээлд хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхэд шаардлагатай нөхцөлүүдийг тодорхойлох, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Шинжээч Р.Дарханбаяр нь "Хэрхэн амжилттай IPO гаргах, сүүлийн 10 IPO-н харьцуулсан судалгаа" сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэх бөгөөд уг судалгаа нь амжилттай IPO гаргах арга замуудыг тодорхойлж, сүүлийн 10 IPO-гийн туршлага болон үр дүнг харьцуулан шинжлэх замаар үнэт цаасны зах зээлийн зохицуулалтыг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг өргөжүүлэхэд чиглэгдсэн.
МҮЦАЭХ болон "Capital Markets Mongolia"-тай хамтарсан энэхүү судалгаанууд нь Холбооны гишүүн байгууллагуудыг мэргэжлийн зөвлөгөө, мэдээллээр хангах, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах зорилготой байна.
