Энэ өдөр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ц.Хуяг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Удирдах зөвлөлийн 2022 оны 05 сарын 20-ны өдрийн №22/19 тогтоолоор Б.Буянхишиг шинээр томилогдон үүрэгт ажлаа хүлээж авлаа.

Б.Буянхишиг нь ажлын анхны гараагаа 2008 онд Монголын хөрөнгийн зах зээлд олон улсын жишигт нийцсэн хөрөнгийн бирж байгуулах төсөлд дадлага хийж, төслийн үнэлгээг боловсруулан НАСДАК болон бусад стратегийн хамтрагчдад танилцуулснаар ажлын гараагаа эхлүүлж байсан. Карьерийн турш хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн хэсэгт төвлөрч ажилласан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагыг төлөөлөн Эрдэнэс таван толгой ХК-ийн нэмэлт хувьцаа гаргах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, Монголын хөрөнгийн биржийн системийн шинэчлэл /MIT/-ийн бэлтгэл ажил, Багануур ХК-ийн нэмэлт хувьцаа гаргах бэлтгэл ажлуудад шууд оролцож, шаардлагатай судалгаа, шийдлүүдийг боловсруулах ажилд томилогдон ажиллаж байсан туршлагатай.

Тэрбээр төслийн багийн хамт Монголын хөрөнгийн биржийн менежментийн хувьчлалд оролцож, шилдэг 2 багийн нэгээр шалгарч байсан. 2012 оноос Хөдөө аж ахуйн бирж байгуулах бэлтгэл ажил болон удирдлагын багт ажиллахдаа журам, зохицуулалтын бичиг баримт боловсруулах, төлбөр тооцоо, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, системийн шинэчлэлтэй холбоотой НАСДАК-ийн технологийн багтай хамтран ажиллах хэсгийг хариуцаж байсан. Хөдөө аж ахуйн биржид байхдаа төвлөрсөн клирингийн зохицуулалтын бичиг баримтуудын анхны төслүүдийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлсэн.

Б.Буянхишиг нь 2008 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд “Бизнесийн эдийн засаг” Бакалавр зэрэгтэй.

Цаашид Монгол улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд, мэргэжлийн холбооны байр суурь, мэргэжлийн дуу хоолойг хүчтэй болгох хариуцлагатай үйл хэргийг удирдах эрхэм үүрэг ногдож байна.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Буянхишигт ажлын өндөр амжилт хүсье!