Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийн шатандаа явж буй энэ цаг үед олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт мэргэжлийн оролцогчдыг нэгдмэл байр суурьтайгаар дараах чиглэлүүдэд санаачилга гарган ажиллахыг уриалж байна. Тус санаачилгыг олон улсын хөрөнгийн зах зээлийн нийтлэг жишиг, хууль, журмын зохицуулалтуудыг үндэслэн гаргасан болно.
Олон нийтэд таниулах дүр төрх: "Хариуцлагатай, ёс зүйтэй Хөрөнгийн зах зээл"
Хууль журмаар зохицуулаагүй, хөгжлийн шатанд явж байгаа хэм хэмжээ, нарийн зохицуулалт дутагдаж буй асуудлуудыг мэргэжилтнүүдийн дунд нээлттэй ярилцаж, санал бодлоо солилцох, хууль журам, ёс зүйг сайжруулахуйц санал санаачилга гаргахыг зах зээлд оролцогчид бүгд эрмэлзэх шаардлагатай.
Мэргэжилтнүүд: Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын баримтлах ёс зүйн дагуу Зохицуулагч байгууллагуудаас хууль бус гэж тогтоогоогүй, зах зээлийн нэр хүндийг унагаж болзошгүй мэдээллийг олон нийтийн болон бусад хэрэгслээр мэдээлэхгүй байж, бусдын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдахгүй байх, зохих арга хэмжээ авах байгууллагуудад шүгэл үлээх. Олон нийтийн сүлжээ болон бусад мэргэжлийн үйл ажиллагаанд биеэ зөв авч явах.
Шүгэл үлээх: Шүгэл үлээх үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах, эх сурвалжийг баталгаажуулалгүйгээр олон нийтэд зарлахыг хориглож, баталгаагүй зүйлсийг зарлаж, зах зээлийн нэр хүндийг хамгаалах ёс зүй болон бусад хууль журмыг зөрчсөн тохиолдолд буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх. Хэм хэмжээ, ёс зүй, дүрэм журам зөрчсөн тохиолдол гарах бүрд нэн түрүүнд Холбоонд болон зах зээлд оролцогчдынхоо түвшинд шүгэл үлээх.
Андеррайтерууд: IPO хийж байгаа бүтээгдэхүүний арилжаанд оролцохдоо баримтлах ёс зүйн стандарттай байж, түүнийгээ олон нийтэд танилцуулах, хөрөнгийн зах зээлд оролцогч иргэдтэй хөрөнгийн зах зээлийг төлөөлж харилцаж буй мэргэжилтэн гэдэг утгаараа зүй зохистой харилцах, зах зээлийн нэр хүндийг хамгаалах, өөрийн арилжаанаас түрүүлж харилцагчийн захиалгыг биелүүлэх ёс зүйн стандартаа баримтлах.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо: Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн ёс зүйн баримтлах дүрэм журмуудыг сурталчлан таниулах ажлуудыг тогтмол хийх.
