Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын ээлжит хурлаар Удирдах зөвлөлийн дарга Цэрэндавга овогтой Содхүүг сонгуульт албан тушаалаас чөлөөлж, Ганболд овогтой Энхбатыг хуралд оролцогчдын 63.63 хувийн саналаар Удирдах зөвлөлийн даргаар сонголоо.

Г.Энхбат нь хөрөнгийн зах зээл, банк санхүүгийн салбарт 20 жилийн арвин туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр ажлын гараагаа 2006 онд “Худалдаа, хөгжлийн банк” ХК-д мөнгөний захын дилерээр эхлүүлж, алтны дилер, валют арилжааны дилер, ахлах дилер Кастодиан банкны үйлчилгээний хэлтсийн захирал зэрэг албыг хашиж байсан ба өнгөрөгч 2022 оноос “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-н Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд дэд захирлаар ажиллаж ирсэн туршлагатай юм.

Энэ хугацаанд иргэд, байгууллагаас биет алт худалдан авах, биет бус алтны арилжаа хийх,  дотоодын болон олон улсын зах зээлийн үнэт цаасны зуучлал, нээлттэй болон хаалттай хөрөнгө босголтын ажлуудыг удирдан зохион байгуулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгөх, олон улсын бирж дээр үнэт цаас гаргах үйл ажиллагаанд оролцохоос гадна Монгол улсад анх удаа гадаад бондын арилжаа хийх, 2023 онд АНУ-ын Засгийн газрын бондын арилжаанд дотоодын хөрөнгө оруулагчдын оролцох боломжийг нээж, санал болгосон зэрэг онцлох ажлуудад манлайлан оролцсон мэргэжилтэн юм.

Г.Энхбат нь МУИС-н Эдийн Засгийн Их Сургуульд бакалавр, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Австрали улсын Гриффитын Их сургуулийг санхүүгийн чиглэлээр тус тус мастерын зэрэг хамгаалсан ба өдгөө “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-н Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байна.

Иймд, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд Г.Энхбат захирлын мэдлэг туршлага, удирдах арга барил, үүрэг, оролцоо ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг Удирдах зөвлөл болон хамтран ажиллагсад нь онцолж байна. Холбооны нийт гишүүдийн өмнөөс Удирдах зөвлөлийн даргаар томилогдсон Г.Энхбатад ажлын өндөр амжилт хүсье.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) нь Монгол Улсын үнэт цаасны зах зээлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, зах зээл дээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, үнэт цаасны зах зээлийн бодлогын болон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн үр нөлөө бүхий зохистой, нягт хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилго дор өдгөө 92 байгууллагын гишүүнчлэлтэй үйл ажиллагааг явуулж байна.

Холбоог 1995 оноос хойш амжилттай удирдан байр сууриа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн Удирдах зөвлөлийн дарга нартаа талархал илэрхийлье.