Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны /МҮЦАЭХ/ ээлжит XXV Их Хурал 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөл болон Ёс зүйн хороо, Хяналтын зөвлөл, Сахилгын зөвлөлийн сонгууль тус тус болсон. Удирдах зөвлөл 11 гишүүнтэйгээс ихэнх гишүүд нь шинээр сонгогдсон байна.
Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд үнэт цаас, андеррайтерын үйл ажиллагаа эрхэлдэг хөрөнгийн зах зээлийн тэргүүлэх компаниуд болох Апекс капитал ҮЦК, Голомт капитал ҮЦК, Ди Эйч Капитал ҮЦК, Инвескор Капитал ҮЦК, Мандал Капитал ҮЦК, Монсек ҮЦК, Ти Ди Би Секьюритис ҮЦК, Эм Ай Си Си ҮЦК компаниудын төлөөлөл 2 жилийн хугацаагаар сонгогдлоо.
Шинээр сонгогдсон Удирдах зөвлөл анхны хурлаа зохион байгуулж, Удирдах зөвлөлийн даргаар Ц.Содхүүг сонголоо. Ц.Содхүү нь 2022-2024 онд Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж, энэ удаа хараат бус гишүүнээр дахин сонгогдсон юм. Тэрбээр Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Дэд захирлын албыг хашиж байсан Монгол улсад хөрөнгийн зах зээлийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулсан нэгэн бөгөөд сүүлийн 19 жил Оюу толгой төсөлд удирдах албан тушаал хашдаг, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн бизнесийн талаар мэргэшсэн юм.
