Мэдээллийн технологийн үйлчилгээ нь хөрөнгийн зах зээлд үйлчилгээ үзүүлж буй үнэт цаасны компаниудын үйлчилгээний салшгүй нэг хэсэг болоод байна. Өнөөгийн хөрөнгө оруулагч, харилцагчдад хүрч үйлчлэхийн тулд үнэт цаасны компаниуд үйлчилгээгээ цахимжуулж, дотооддоо эсвэл гуравдагч компаниудаар дамжуулан системээ боловсруулан ашиглах нь тэдний үйл ажиллагааг зах зээлд хүртээмжтэй болгож байна.

Үнэт цаасны компаниуд өөрсдийн ашиглаж буй систем, программ хангамжаа гуравдагч этгээдээр боловсруулан (аутсорсинг) ашиглах нь зардлын хувьд хэмнэлттэй, мэргэжлийн мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгчийн туршлага, мэдлэг тухайн системд шингэсэн зэрэг давуу талуудтай боловч зарим тохиолдолд гардаг сөрөг талуудыг багасгаж, амжилттай гэрээ байгуулан, аутсорсингийн үйлчилгээний давуу талуудыг бүрэн гүйцэд хүртэхийн тулд гуравдагч талтай хэрхэн хамтран ажиллах, мэдээллийн технологийн хэрэгцээгээ хэрхэн тодорхойлох, гуравдагч этгээдийн үйлчилгээнд хяналт тавих зэрэг асуудалд зориулан анхан шатны гарын авлага хүргэж байна.

Мэдээллийн технологийн аутсорсингийн үйлчилгээ авахын тулд ямар шат дараатай ажлуудыг хэрэгжүүлэх, ингэхдээ ямар зарчмуудыг баримталж ажиллах тухай энэхүү гарын авлагад зөвлөсөн байна.