Монгол улсын үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтын шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2024 оны 06-р сарын 25-ны өдөр болж өнгөрлөө. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан уг сургалтад нийт 183 мэргэжилтэн хамрагдаж, 148 мэргэжилтэн тэнцэж, үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрхээ гардан авч, тангаргаа өргөлөө.
Энэ удаагийн сургалтаар мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан биржийн зуучлагч (брокер)-ын чиглэлээр 43 мэргэжилтэнд эрх олгосон юм.
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Мэргэшлийн зөвлөлийн дарга Т.Цэрэнбадрал тангараг өргөх ёслолыг нээж хэлсэн үгэндээ УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эцэслэн баталсан билээ. Уг нэмэлт өөрчлөлтөөр өөрийгөө зохицуулах байгууллага буюу мэргэжлийн холбоонд мэргэшлийн шалгаруулалт явуулах, мэргэжилтэнд эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, үргэлжилсэн сургалт зохион байгуулах чиг үүргийг тусгаад байгааг онцоллоо.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь "Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг 2011 оноос хойш 39 удаа зохион байгуулсан бөгөөд нийт 3559 хүнд хөрөнгө оруулалт, үнэт цаасны зуучлалын эрхийг шинээр олгосон бөгөөд эрх нь хүчинтэй байгаа 1732 мэргэжилтэн ажил, үйлчилгээ явуулж байна.
Бид та бүхэнтэй хөрөнгийн зах зээлийг хамтдаа хөгжүүлж, мэргэжлийн ёс зүйг баримтлан хамтран ажиллахад таатай байх болно.
.jpg)