Монгол улсын үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил, үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтын эрх олгох шалгалтад тэнцсэн мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2022 оны 06-р сарын 16-ны өдөр СЗХ-ны Санхүүгийн хүртээмжийн танхимд болж өнгөрлөө. Тангараг өргөх ёслолд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮЦАЭХ -ны Удирдах зөвлөлийн дарга А.Батболд нар нээлтийн үг хэлж, Ёс зүйн хорооны дарга Ш.Батхишиг мэргэжилтний тангараг уншиж, шинээр эрхээ авсан мэргэжилтнүүд идэвхтэй оролцлоо.
2022 оны 05-р сарын 09-ний өдрөөс 20-ний өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтад эрхээ авсан 129 мэргэжилтэнд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Удирдах зөвлөлийн дарга А.Батболд, Үнэт цаасны боловсролын хорооны дарга М.Отгонбаатар нар гэрчилгээг нь гардуулан өглөө. Мөн энэ удаагийн сургалтаар шинээр буюу 3 жилийн хугацаатай үнэт цаасны зуучлалын ажил, үйлчилгээ явуулах эрхийг 34 мэргэжилтэнд, хөрөнгө оруулалтын ажил үйлчилгээ явуулах эрхийг 68 мэргэжилтэнд, 4 жилийн хугацаатай эрхийг 20 мэргэжилтэнд, 6 жилийн хугацаатай эрхийг 5 мэргэжилтэнд аттестатчиллаа.
Түүнчлэн энэ удаагийн сургалт анхны удаагийн хугацаагүй үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрх, аттестатчилах гэрчилгээг олгож байгаагаараа онцлогтой юм.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь "Үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалтыг 2011 оноос хойш 34 удаа зохион байгуулсан бөгөөд нийт 3351 хүнд хөрөнгө оруулалт, үнэт цаасны зуучлалын эрхийг шинээр олгосон бөгөөд эрх нь хүчинтэй байгаа 1273 мэргэжилтэн байна. Бид та бүхэнтэй хөрөнгийн зах зээлийг хамтдаа хөгжүүлж, мэргэжлийн ёс зүйг баримтлан хамтран ажиллахад таатай байх болно.
