Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагын "Удирдах ажилтнуудын зөвлөгөөн" 2022 оны 06-р сарын 17-ны өдөр "Тайж ресорт зочид буудал"-ын их хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийт мэргэжлийн гишүүдээс 30 гаруй байгууллагын удирдах ажилтан, төлөөлөл хамрагдлаа. Мөн МҮЦАЭХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Ёс зүйн хороо, Сахилгын зөвлөл, Ахмадын зөвлөл, Банкнуудын кастодиан хэлтэс, Биржийн бус зах зээлийн бүртгэлийн хорооны гишүүд, төлөөллүүд оролцсон юм.

Хурлаар МҮЦАЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Буянхишиг МҮЦАЭХ-ны 2022 оны төлөвлөгөөг танилцуулж,  зах зээлийн шинэчлэл, өөрчлөлт, мэргэжлийн оролцогчдын тулгамдаж буй асуудлаар хэлэлцсэн ба урилгаар МҮЦКТ-ийн Мэдээлэл технологийн албаны захирал Н.Цэнгүүнбаяр "Depo X системийн давуу тал ба ач холбогдол" сэдвээр мэдээлэл өглөө.

Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн өөрчлөлт, түүний үр дагаврыг хэлэлцэж, МҮЦАЭХ-ны Биржийн бус зах зээлийн ажилтан О.Энхманлай "Биржийн бус зах зээлийн шинэ боломжууд хүртээмжийг нэмэгдүүлэх" сэдвээр танилцуулга хийлээ. Түүнчлэн урилгаар МҮЦКТ-ийн Клиринг эрсдэлийн удирдлагын албаны захирал Ч.Андсайхан Клирингийн гишүүнчлэлийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулсан юм.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлууд болон зах зээлийн цаашдын хандлага, хөгжлийн стратегийг тодорхойлох саналуудыг боловсруулж зөвлөмж гаргахаар тогтлоо. Идэвхтэй оролцсон гишүүн байгууллагууддаа талархал илэрхийлье.