Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоодууд Санхүү банкны эмэгтэйчүүд ТББ-тай хамтран “Санхүү банкны эмэгтэйчүүдийн хоёрдугаар чуулган”-ыг төрийн ордонд зохион байгууллаа. Чуулганд төрийн байгууллагууд, банк, санхүү, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын манлайлагчид болон орон нутгийн төлөөллөөс нийт 650 гаруй төлөөлөгч оролцлоо. Энэхүү чуулганаар  "Хариуцлагатай бизнес ба тогтвортой хөгжил", "Ажил амьдралын тэнцвэрийг хангах", "Оролцогч талуудын ашиг, сонирхлыг хүндэтгэх, хамгаалах" сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Чуулганд "Санхүүгийн салбарын жендерийн эрх зүйн зохицуулалт" сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү илтгэл тавьж, санхүү, банкны салбарт эмэгтэй ажилчид 68%-ийг эзэлж байгааг онцолсон юм.

Холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал нь "Харилцагчийн эрхийг хүндэтгэн хамгаалахад, кодекс нэгдсэн стандартыг ашиглах" сэдвийн хүрээнд Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх эрх авсан мэргэжилтний баримтлах ёс зүйн дүрэм, мэргэжлийн үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлдэг арга туршлагаас хуваалцсан юм.

Мөн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Уянгахишигийг Үнэт цаасны зах зээлийн төлөөлөл Санхүү, Банкны Тэргүүний эмэгтэй хэмээн онцолж, Санхүү, Банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.