2016 оны 11-р сарын 8-ны өдрийн УЗ-ийн хурлаар шийдвэрлэсний дагуу Холбооны хүндэт Ерөнхийлөгч болох саналыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт тавьсан бөгөөд бидний саналыг хүлээн авч Алтан унжлагат гал тахиа жилийн ажлын эхний өдөр буюу 2017 оны 03-р сарын 02-ны өдрийн 10.30 цагт холбооны үйл ажиллагаатай танилцаж хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын хөгжлийн талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтаар УЗ-ийн дарга Б.Өлзийбаяр МҮЦАЭХолбооны Ерөнхийлөгч Д.Цогтбаатар гишүүнд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа.
Хууль эрх зүйн орчины хувьд төрөөс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх дунд болон урт хугацааны бодлого болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтвортой бодлого дутагдаж байгааг дурдсан бөгөөд ногдол ашиг, ханшийн зөрүүнээс олсон орлого, болон корпорацийн бондын хүүгийн орлогоос авдаг татваруудыг татвараас чөлөөлөх болон хөрөнгийн зах зээлийг бүтээгдэхүүнжүүлэх талаар төрийн өмчийн хувьчлал болон стратегийн орд газрууд болох “Эрдэнэс Таван Толгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн 10-аас доошгүй хувийг МХБ-ээр дамжуулан олон нийтэд арилжаалах талаар санал бодлоо илэрхийллээ. Мөн дэд бүтцийн шинэчлэл болон мэргэжлийн байгууллагыг чадавхжуулах талаар танилцуулсан бөгөөд Удирдах зөвлөлийн бусад гишүүд чөлөөтэй санал бодлоо илэрхийлж оролцлоо.
Д.Цогтбаатар гишүүн олон нийтийг төлөөлж байгаа мэргэжлийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсондоо таатай байгаагаа илэрхийллээ.