Хувьцаат компаниудтай танилцах ээлжит аяллын хүрээнд “Шарын гол” ХК-иар өнгөрсөн Баасан гарагт буюу 06 дугаар сарын 16-ны өдөр аяллаа. Аялалд Үнэт цаасны компаниудын төлөөллүүд оролцсон бөгөөд Шарын гол ХК-ийн Ерөнхий Инженер Ж.Эрдэнэбат өнгөрсөн оны санхүүгийн тайлан, үйл ажиллагаагаа болон шинээр байгуулагдсан нүүрсний угаах үйлдвэрээ танилцууллаа.
Шарын гол ХК 2016 онд 753.7 м.тн нүүрс борлуулж 30.6 тэрбум төгрөгийн орлого олсон ба нийт борлуулалтын 73.5%-ийг Дархан, Эрдэнэтийн ДЦС-д нийлүүлсэн байна. Мөн 2016 онд 761.9 мянган тонн нүүрс олборлож , төлөвлөгөөг 86.3%-иар , 753.7 мянган тонн нүүрс борлуулж төлөвлөгөөг 88.1%-иар, 4340.3 мян.м3 хөрс хуулалт хийж төлөвлөгөөг 62.9%-иар тус тус хийж гүйцэтгэсэн байна.
Эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нийлүүлэх 1 тн нүүрсний татваргүй суурь үнийг / 2016 оны 1-р сарын 1-нээс / 6,500 төгрөгөөр нэмэгдүүлж 36,500 төгрөг болгосноор 1 тн нүүрсний борлуулалтын дундаж үнэ урд оноос 3,515.3 төгрөгөөр нэмэгджээ. Компани 2016 онд 7,197,2 сая төгрөгийн алдагдалтай ажилласан ба нийт алдагдлын 69.0% буюу 4,963.6 сая төгрөгийн валютын ханшийн зөрүүнээс хүлээсэн байна. Компанийн эзэмшилд буй нүүрс олборлох тусгай зөвшөөрөлтөй талбайд илэрсэн алтны шороон ордод 2016 оны 10-р сараас олборлолт явуулж 1152.7 сая төгрөгийн зардал гарган 1587.9 сая төгрөгийн орлого олсон байна.
Компани 2016 онд үндсэн үйл ажиллагаанаасаа 464.3 сая төгрөгийн ашигтай ажилласан боловч туслах үйл ажиллагаанаас 2301.1 сая төгрөг, Ханшийн зөрүүнээс 4,963.6 сая төгрөгийн алдагдалтай байгаа нь компанийн алдагдалыг 7,197.3 сая төгрөгт хүргэхэд нөлөөлсөн тул 2016 оны жилийн ажлын үр дүнгээр ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэнээ хувьцаа эзэмшигчдэд танилцуулсан.