ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧИЛЖ, ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛНА. Брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх гэх мэт мэргэжилтнүүд үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх авахын тулд сургалтад хамрагдаж, шалгалтанд тэнцэх үүрэг хүлээдэг. Тэдэнд эрх олгох сургалтыг сүүлийн жилүүдэд Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зохион байгуулж буй. Тус холбооныхон сургалтын чанараа сайжруулах, мэргэжилтнүүдийг зайнаас сургалтад хамруулах зорилгоор гарын авлага хэвлүүлэхээр төлөвлөжээ. Тэд Монголын Санхүүгийн шинжээчдийн нийгэмлэгтэй байгуулсан хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу мэргэжилтнүүдэд тавигдах мэдлэг, ур чадварын шаардлага, эрх олгох сургалтын зохих сэдэв, сургалтын хичээлийн агуулга зэргийг боловсруулах ажлыг гүйцэтгүүлж, 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд хүлээн авчээ. Үнэт цаасны мэргэжилтэнд эрх олгох сургалтын одоогийн агуулгад нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой зөвлөмжийг боловсруулахдаа МСШН-ийн баг одоогийн хичээлийн агуулга, эрх олгох, сургалт зохион байгуулахтай холбоотой эрх зүйн орчин, тогтолцооноос гадна олон улсын сайн туршлагыг судалсан байна. Ингэхдээ хөрөнгийн зах зээлийн хөгжлөөр Монгол Улсаас түрүүнд алхаж буй Малайзын үнэт цаасны мэргэжилтнүүдэд эрх олгох хөтөлбөр, шалгалт, түүнд бэлдэх сургалтын материалаас нэлээд туршлага судалсан аж. Малайз нь АНУ, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгийн зах зээлийн хэв маягийг шууд дуурайхын оронд, хөгжиж буй өөрийн улсын хэв маягт тохируулж чадсанаараа бидэнд илүү ойр жишээ байх боломжтой гэж үзжээ. Мөн олон улсад нэр хүндтэй Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчийн (CFA) цолыг авахаар зорьж буй мэргэжилтний эзэмшвэл зохих мэдлэг, ур чадваруудаас Монголын нөхцөлд илүү тохирох ойлголтуудыг хичээлийн агуулгад багтаасан гэдгээ онцолсон юм. Үнэт цаасны зах зээлийн мэргэжилтнүүдийн сургалттай холбоотой өмнө нь бэлтгэсэн материалуудаас ч мөн шинэ хөтөлбөрийн агуулгад тусгасан байна. Тус нийгэмлэгийнхэн сургалтын гарын авлага буюу номын агуулгад аль сэдвийг шинээр нэмэх, одоогийн сургалтын хөтөлбөрт ямар өөрчлөлтийг хийх шаардлагатай талаар 80 мэргэжилтнээс судалгаа авчээ. Судалгаанд оролцогсдын олонх нь илүү материал нэмж сурах, сургалтад суухдаа танхимд очихоос илүү зайнаас хамрагдах хүсэлтэй байдаг талаараа хариулсан нь ном хэвлүүлэх зорилготой нийцжээ. Монголын үнэ цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Хуяг “Үнэт цаасны зах зээлд ажиллах эрх авах сургалтын чанараа сайжруулахаар ажиллаж байна. Сургалтынхаа агуулгыг судалгаа шинжилгээний тал руу дэлгэрүүлмээр байна гэсэн санал гарах болсон. Энэ дагуу мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллалаа. Анх ЖАЙКА-гийн Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийн нэгдүгээр шатны хүрээнд 2017 онд үнэт цаасны сурах бичиг хэвлүүлж байсан. Одоо ном уншаад шалгалт өгөөд эрх авах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэв. ЖАЙКА-гийн Хөрөнгийн зах зээлийг бэхжүүлэх төслийн хоёрдугаар шатны хүрээнд сургалтын номоо хэвлүүлэх нь. Тэд ирэх оны эхний хагаст 2-3 боть ном хэвлүүлэхээр төлөвлөжээ. Монголын санхүүгийн шинжээчдийн нийгэмлэг нь 2012 онд үүсгэн байгуулагдсан. Хөрөнгө оруулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчийн цол эзэмшигч, горилогч нарт чиглэсэн үйл ажиллагааг АНУ-д төвтэй CFA Институттэй хамтран, албан ёсоор зохион байгуулдаг байгууллага юм. Мөн Монголын их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Үнэт цаасны судалгааны сорил” олон улсын тэмцээнийг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулжээ. Тэднийх цаашдаа СFA Институтийн гишүүн байгууллагыг албан ёсоор Монголд үүсгэн байгуулахаар ажиллаж буй гэнэ. Ингэснээр зөвхөн мэргэжилтнүүдэд биш, хөрөнгийн зах зээлийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах аж.