Дэлхий нийтийг түгшээсэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг Covid-19 өвчлөлийн дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан, олон хүнтэй сургалтын үйл ажиллагааг цуцлаад байсан билээ. Холбооны зүгээс жилдээ хоёр удаа зохион байгуулагддаг эрх олгох сургалтыг төлөвлөгөөний дагуу явуулах шаардлагатай тулгараад байсан бөгөөд шинээр зохицуулалттай үйл ажиллагаа явуулах компани байгуулах гэж байгаа, сургуулиа төгсөн хөрөнгийн зах зээлд шинээр ажиллах залуус, эрхийн хугацаагаа сунгуулах мэргэжилтнүүд гээд суралцагчдын эрэлт хэрэгцээг хангах шаардлагатай байсан юм.
Тиймээс эрх олгох сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэхээр нэг сарын хугацаанд ажиллалаа. Үнэт цаасны зуучлал, хөрөнгө оруулалт, аттестатчилах сургалтын нийт дөчин хоёр хичээлийг цахим хэлбэрт шилжүүллээ. Хуваарийн дагуу сургалтын багш нар ирж бичлэгээ хийлгэсэн бөгөөд суралцагч нарт хичээл бүрт сургалтын материал, багшийн видео хичээл үзэж сонсохоор, мөн нэмэлт судлах хууль журмын материалууд болон хичээлийн төгсгөлд өөрийгөө шалгах сорил өгч, багш нарт үнэлгээ өгөн, сургалттай холбоотой саналыг нь авсан бөгөөд сургалтын тайланд, дээрх үнэлгээ, судалгааг ашиглан дараа дараагийн сургалтандаа ашиглахаар боллоо.Онлайн сургалт 2020 оны Тавдугаар сарын 11-с зургадугаар сарын 04-ний өдрүүдэд /elearning.masd.mn/ онлайнаар зохион байгуулагдлаа.
Уг сургалтад Үнэт цаасны зуучлалын чиглэлээр 25 хүн, Хөрөнгө оруулалтын чиглэлээр 81 хүн, Аттестатчилал буюу эрхээ сунгуулахаар 19 мэргэжилтэн бүртгүүлж, нийт мэргэжилтнээс 125 мэргэжилтэн сургалтад хамрагдлаа.
Графикаас нийт сургалтанд хамрагдсан хүний хэд орчим хувь нь шалгалтанд тэнцэж эрхээ авдаг болохыг харж болно.
Суралцагч нараас санал асуулгаар нийт найман багш онлайнаар /хаалттай групп/ суралцагч нартай холбогдож семинар явуулсан бөгөөд энэ үеэр сэдэвтэй холбоотой асуултанд тодорхой хариу өгч, хичээлээ бататгахын зэрэгцээ бичлэг болон хадгалагдсан учир нөхөж үзэх боломжтой юм.
Холбооны зүгээс аль болох сургалтад хамрагдсан хүмүүстэйгээ холбоо тогтоож, хичээлээ бага үзсэн суралцагч нартай холбогдлоо.
Мөн Үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сорил шалгалтыг онлайнаар зохион байгуулахад баримтлах «Түр горим», «Шалгалт авах удирдамж буюу хянагчид өгөх зөвлөмж» боловсрууллаа.
Шалгалтын өмнө 2020 оны 5-р сарын 27, 28, 29-ны өдрүүдэд туршилтын тест онлайн системээрээ дамжуулан авсан нь онлайн орчинд хэрхэн шалгалт талаар мэдэж авлаа.
2020 оны 06 дугаар сарын 2, 4, 9-ний өдрүүдэд Санхүүгийн зохицуулах хорооны Мэргэшлийн зөвлөлийн нарийн бичиг болон гурван гишүүний бүрэлдэхүүнтэй шалгалтыг зохион байгууллаа.
Үнэт цаасны зуучлалын чиглэлээр 19 хүн, Хөрөнгө оруулалтын чиглэлээр 75 хүн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилээр анх удаа, Аттестатчиллаар 17 мэргэжилтэн 4 жилээр, 2 мэргэжилтэн 6 жилээр эрхээ тус тус сунгуулав. 2020 оны хаврын сургалтаар нийт 112 мэргэжилтэн шалгалтад тэнцэж хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжилтний үнэмлэхээ гардан авлаа.
Шалгалтанд тэнцсэн “Үнэт цаасны зах зээл мэргэшлийн ажил үйлчилгээ явуулах эрх”-тэй болсон мэргэжилтнүүдийн “Тангараг өргөх ёслолын ажиллагаа” жил бүр болдог боловч онцгой нөхцөл байдал үүссэн учир цуцлагдаж, “Мэргэжилтний ёс зүй”-г сахин ажиллахыг хүсч, эрхийн үнэмлэх дээр “Тангаргын бичиг” –ийг тусган, мэргэжлийн өндөр ёс зүйтэй ажиллахыг нийт эрх авсан мэргэжилтнүүддээ уриаллаа. 2020 оны 6-р сарын байдлаар эрх нь хүчинтэй нийт 685 мэргэжилтэн байна.