Азийн хөгжлийн банк (АХБ)-ны төлөөлөгчид Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн холбоод, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл, хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой санал солилцлоо.
Уулзалтын үеэр CAREC (Central Asia Regional Economic Cooperation) хөтөлбөрийн гишүүн орнуудын хүрээнд “Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум” санаачилгыг эхлүүлж буйг мэдэгдсэн бөгөөд уг санаачилгыг Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо болон Азийн хөгжлийн банк хамтран 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү форум нь CAREC-ийн гишүүн орнуудын хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагууд жил бүр ээлжлэн удирдан зохион байгуулах зохицуулалттай байх бөгөөд бүс нутгийн бодлогын уялдаа, зохицуулалтын харилцан ойлголцол, зах зээлийн хамтын ажиллагааг дэмжих тогтвортой механизм бүрдүүлэх зорилготой юм.
Уулзалтын хүрээнд дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
CAREC-ийн орнуудын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжлийн түвшин, нийтлэг сорилтууд
Хөрвөх чадварын хомсдол, институционал хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх боломж
Тогтвортой санхүүжилтын хөгжил, зохицуулалтын орчин
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг бодлого, эрх зүйн орчныг гишүүн орнуудын дунд нэгдсэл стандарттай болгох боломж
Түүнчлэн, энэхүү санаачилгын хүрээнд хувийн хэвшлийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, форумын үйл ажиллагаанд үнэт цаасны компаниуд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд, андеррайтерууд болон хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудыг бодлогын хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцуулах механизмыг тодорхойлох талаар санал солилцов.
Энэхүү уулзалт нь CAREC-ийн орнуудын хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагааг бодитоор идвэхжүүлж оролцогч талуудын бодлогыг уялдуулан олон улсын стандартыг баримтлан, хувийн хэвшил–зохицуулагч–олон улсын байгууллагын гурвалсан түншлэлийг бэхжүүлэх алхам боллоо.
